Нүүр / Дурсгалт газрууд
Дурсгалт газрууд
ГБДЦГ нь түүх соёлын үнэт дурсгалаар баялаг ба 27 орчим түүх соёлын өв, байгалийн дурсгалт болон үзэсгэлэнт газрууд бүртгэгдсэн. Номгон сумын Далан ууланд орших 13-р зууны монгол шүлэглэсэн бичээс бүхий хөшөө дурсгал, мөн Баянгол, Өндөр богд хэмээх байгалийн үзэсгэлэнт газрууд бий. Борзонгийн говь нь палеонтологийн олдворт газарт тооцогддог. Номгон сумын нутагт Баянголын тооройн төгөл, Өндөр богд уул, хадны олон сүг зурагтай Уртын ам зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд бий. Орчны бүсэд хадны сүг зураг, чулуун зэвсгийн үеийн олдвор бүхий Оцон мааньт хэмээх газар оршдог
Номгон сум
Борзонгийн говь
Номгон сумын нутагт Монголын алдарт гучин гурван говийн нэг Борзонгийн говь оршино. Хөрх уулын энгэр, зүүн баруун цохио шилийн ар дагаж үргэлжлэн 2100 хавтгай дөрвөлжин км талбайг эзэлнэ.
Борзонгийн говь баруунаас зүүн тийш Эхэн заг, Дэн сайр, Морин толгой, Залаа хошуу, Борзон, Хоёр модны хоолой, Улаан эрэг, Баруун зүүн хонгор, Сэргэг баргин, Гурван гүний хоолой, Хүрэн хошуу зэрэг олон нэр бүхий газар нутгийг хамарна.
Элсэн манхан, заган ой, сондуул зэрлэг, шар бор бударгана зэрэг говийн бутлаг ургамал бүхий задгай ус, булаг шанд, нүдэн булаг элбэгтэй. Борзонгийн говьд уртаашаа 10 км, өргөөшөө 5 км талбай эзлэх их шалан тойром байх ба түүнийг Борзонгийн тойром хэмээн нэрлэнэ.
Ханбогд сум
Галбын говь
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Монголын алдарт 33 говийн нэг болох Галбын говь оршино. 200 км урт, 50 км өргөн, нийт 70 мянган хавтгай дөрвөлжин км уудам нутгийг эзэлнэ.
Галбын говь нь могойч загалай, жороо тоодог, идлэг шонхор, хулан жороо зэрэг ховор амьтдын өлгий нутаг болдгоороо онцлогтой.
Номгон сум
Хөрхийн нуруу
Хөрх уулыг өмнө зүгээс нь харийн дайсан давж ирдэггүй, хойд зүгээс нь цас шуурга, зуд давдаггүй гэж үзээд «Хөрх» хэмээн нэрлэсэн гэдэг.
«Хөрх» гэдэг үгийн язгуур гарвал нь аливаа зүйлийн хаалт, хөшиг гэсэн утгатай ажээ. Жишээ нь: бурхны хөрх, орны хөрх гэх зэрэг хөшиглөн хаах зориулалттай зүйлийг хөрх гэж нэрлэдэг. Иймд Хөрхийн сүрлэг өндөр уул бол их говь нутгаа аливаа муу муухай бүхнээс хамгаалан хааж байдаг, байгалиас заяасан хаалт хөрх болох нь тодорхой.
Хатанбулаг сум
Эргэлийн зоо
Хатанбулаг сумын төвөөс хойд зүгт 25 км-т орших байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий Эргэлийн зоо оршино. Эргэлийн зоог Монгол Улсын Их хурлын 1996 оны 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад нөөц газрын зориулалтаар авчээ.
Нөөц газрын хилийн зааг нь Сангийн овоо, Баянзав, Аман усны хяр, Аман төгрөгийн худаг болон тэдгээрийн хоорондох тэмдэгт өндөрлөгүүдээр тогтоосон байна. Нийт 60 гаруй км урт, 20 гаруй км өргөн үргэлжилсэн тэгш өндөрлөг бүхий байгалийн сонин тогтоцтой, палеонтологийн олдвор ихтэй, эртний амьтдын үлдэгдэл бүхий нуурын хурдас газар гэж үздэг.
Говийн энэ газар нь 30 гаруй сая жилийн өмнөх шим ертөнцийн гэрч болсон эртний сүүн тэжээлтэн, загас, яст мэлхий, үлэг гүрвэл зэрэг сээр нуруутны үлдэгдэл ихтэй. Америкийн эрдэмтэн И.Эндрюсийн ахалсан экспедиц 1922–1923 онд Эргэлийн зоо орчимд ажиллаж, хирс дүрст эртний хөхтөн амьтны болон аварга том яст мэлхийн яс зэрэг маш ховор нандин олдворыг олж дэлхийд гайхуулсан байдаг.
Номгон сум
Баян голын тооройн төгөл
Номгон сумын Дэрсэн ус багийн нутагт олон арван га газрыг эзэлсэн Баян голын тооройн төгөл гэж байгалийн үзэсгэлэнт газар бий.
Одоогоос 200 орчим жилийн тэртээ энэ газар оронд амьдарч байсан «хазгар» хэмээгдэгч хохь тайж Гомбосүрэнгийн таван хүү хожим хойно үлдэх юм бүтээе гэж зөвлөлдөөд, тэдний бага хүү Сайн эр хэмээгч тайж Баянголд тооройн төгөл байгуулахаар болж, Тооройн гүнээс гучин тоорой авчирч Баянголд суулгажээ.
Тоорой мод нь ногоовтор саарал холтостой, эгц шулуун бүдүүн хожуул бүхий 5–12 метр өндөр ургадаг, говийн ойн санг бүрдүүлэгч модод юм.
Номгон сум
Дуут манхан
Говийн бага дархан цаазат газрын нутаг дахь элсэн манхан. Салхинд элс хөдлөхөд дуу гаргадаг өвөрмөц тогтоцоороо нэрлэгджээ.
Номгон сум
Шаравын чангалан
Номгон сумаас баруун урагш чигт Орвог гашууны бор толгой орох замд 150 км зайд Тооройн төглийн дотор орших өөр нэгэн хачирхалтай зүйл бол «Шаравын чангалан» юм.
Ардын хувьсгал ялахаас өмнө Монгол, Хятадын хил хаалтгүй байсан үед мал амьтан нааш цааш их гардаг байжээ. Өмнөд хилээр ихэвчлэн тэмээ хил давж орж ирдэг ба тэднийг хорьж тогтоох үүргийг хилчин цэргүүд давхар хүлээж, хоёр улсын хилийн уулзалтаар эргүүлэн өгөх үүргийг биелүүлдэг байжээ.
1972–1975 оны хооронд Жаалшандын заставт Жигмэдийн Шарав хэмээх цэрэг алба хааж байх үед 60 орчим тооны тэмээн сүрэг орж ирэн задгай усанд түр саатжээ. Дээрээс тэмээн сүргийг түр тогтоох тушаал буулгасан ёсоор Ж.Шарав төглийг тойруулан төмөр утас татаж хашаалсан түүхтэй бөгөөд одоо хүртэл тоорой мод дээр гарсан ором арилаагүй билээ.
Хатанбулаг сум
Цагаан зандан
Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарах Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Шар хад уулын өвөрт цагаан зандан мод ургажээ.
Цагаан зандан мод нь өвөрмөц тааламжтай үнэр гаргадаг бөгөөд тэрхүү үнэр нь он удаан жил хадгалагддаг. Энэ нь хүмүүсийн зохисгүй ахуй хэрэглээ, мухар сүсгээс үүдэн ховордох гол шалтгаан болжээ.
Номгон сум
Орвог гашууны бор толгой
1962 онд БНХАУ-ын Ерөнхий сайд Жоу Энь Лайн урилгаар АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал Бээжин хотод айлчлал хийсэн байдаг. Энэхүү түүхэн уулзалтаар хоёр улсын хилийн талаар хэлэлцээр хийх комисс байгуулагджээ.
Комисс 1962–1963 он хүртэл нийт 4677 км хилийн цэсийг тогтоон, 639 багана бүхий тэмдэглэл босгожээ. Ийнхүү тэмдэглэсэн Монгол орны хамгийн өмнөд захын цэг болох Орвог гашууны бор толгой нь Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ ус багийн нутаг дэвсгэрт сүндэрлэн оршдог билээ.
Палеонтологи, археологи
Археологийн дурсгал
Говийн бага дархан цаазат газрын нутаг дэвсгэр археологи, палеонтологийн түүхийн сурвалжит олдвор, хадны сүг зургаар баялаг.
Тухайлбал: Таван мод, Бага шар, Лүгийн голын Ширээ харын хадны сүг зураг, Хайрхан цохионы зураг, Баруун бичгийн хадны сүг, Зүүн бичигтийн хадны сүг, Жаргалантын зүүн үзүүр, Зос жаргалантын гаалийн туурь, Хатанбулаг сумын нутагт байршиж байсан Толийн зуугийн дурсгал зэрэг олон дурсгал бүртгэгдсэн байдаг.
Хахуулийн голын хадны дурсгал
Цагаан дэрсний заставаас зүүн өмнөд зүгт 5 км-т Хахуулийн гол оршино. Голын хатсан сайрны хажуу талаар боржин чулуун дээр сийлсэн хадны сүг зургийг Хахуулийн голын хадны дурсгал хэмээн нэрлэнэ.
Энэ хадны дурсгалын онцлог нь ан амьтан, араатан, жигүүртэн дүрслэхээс гадна этгээд содон нүүрний баг, од эрхэс, төрж буй эмэгтэй хүн зэргийг дүрсэлснээрээ сонирхолтой.