Нүүр / Газарзүй, уур амьсгал
Газарзүй ба уур амьсгал
Говь Алтайн нурууны дорнод шувтарга, Төв Азийн хэт гандуу цөлийн хэсэгт, далайн түвшнээс дээш дунджаар 1000 м өндөрт.
Газарзүй
Байрлал ба гадаргын тогтоц
Говийн бага дархан цаазат газрын нутаг дэвсгэр нь байгалийн бүс бүслүүрийн хувьд говь цөлийн хэв шинж зонхилох ба урдаас хойшлох тусам цөлөрхөг хээр болно.
Говь Алтайн нурууны дорнод шувтарга, Төв Азийн хэт гандуу цөл хэсэгт дунджаар далайн түвшнээс дээш 1000 м өндөрт оршино. Хамгийн өндөр өргөгдсөн цэг нь Агуйн уул буюу далайн түвшнээс дээш 1277 м, нам дор цэг нь Өөшийн говь буюу д.т.д 1090 м орчим өндөрт өргөгдсөн байна.
Дархан цаазат газрын ихэнх нутгийг элс, хужир, марз, заган ой бүхий уудам хотгор хоолой газар эзлэх тул ерөнхийдөө талархаг байрлалтай. Хуурай хээр, хэт гандуу цөл, цөлийн хээр, умардын цөл, заримдаг цөл, цөл, жинхэнэ цөл гэсэн байгалийн бүс бүслүүрүүд оршино.
Энэ бүс нутгийн хамгийн чухал онцлогуудын нэг бол зэрлэг амьтад түр буудаллах, үржихэд тохиромжтой ус цэг, байнгын нуур болон баянбүрд оршдогт оршино.
Уур амьсгал
Жилийн нийлбэр хур тунадасны орон зайн тархалтыг харвал нам өргөргийн нутгаар буюу говь цөлийн бүсэд жилдээ арав хүрэхгүй см хур тунадас орох бөгөөд заримдаа энд хэдэн жил ч бороо орохгүй тохиолдол бий.
| Үзүүлэлт | Хэмжээ |
|---|---|
| Жилийн дундаж температур | 3.8 – 7.2 °C |
| Хамгийн хүйтэн сар | 1 дүгээр сар |
| Хамгийн дулаан сар | 7 дугаар сар |
| 0 °C-аас дээш хоног | 215 – 240 хоног |
| Салхины хурд | 5 – 15 м/сек (заримдаа 34 – 45) |
| Жилийн хур тунадас | 10 см-ээс бага |